Д.Ухаанзаяа: Бурхан зураг гэдэг бол эгэл төрөлхтөн хүнийг оюун санаагаар нь гэгээрэлд татдаг дүрсээр илэрхийлсэн номлол юм
11/10/2013
Бурхан зургийг эмэгтэй хүн зурж болдог уу?
Намайг оюутан байхад манай багш бол эмэгтэй хүүхэд авдаггүй байсан. Багшилж байхад ч эмэгтэй хүүхэд ирээд оръё гэхэд багш ерөөсөө авдаггүй, охидууд гомдоод л, зарим нь уйлаад л явж л байсан. Тэр үед яагаад эмэгтэй хүүхэд сурч болдоггүйн бол гэж боддог байлаа. Төвдөд бас ганц, хоёр эмэгтэй хүүхэд сурч байсан. Гэхдээ маш цөөхөн. Багш маань яагаад авдаггүй байсан гэхээр эмэгтэй хүн байгалаасаа бие физилогийнхоо тал дээр эрэгтэй хүнээс арай доогуур, удаан олон цагаар суухад биеийнхээ онцлогоос шалтгаалаад амархан ядардаг.
Эрэгтэй хүн бол байгалаасаа хатуу хөтүү ажил хийж чаддаг. Эмэгтэй хүн бол арай уян налархай, банди нартай зэрэгцээд суухад гарын аяыг даахгүй гээд авдаггүй байсан юм шиг байгаа юм. Нэг танка, энэ тэр дээр нэлээн шөнө орой болтол нойр, хоолгүй сууна. Тэгж суухад эмэгтэй хүнд өлсөж ундаасахаас авахуулаад хэцүү л дээ.
Миний хувьд туршилт маягаар хоёр, гурван охидууд авсан. Ер нь дажгүй болмоор шинжтэй. Одоо хоёр эмэгтэй шавь маань эрэгтэйчүүдтэй зэрэгцээд маш сайн сурч байгаа. Зарим эрэгтэй хүүхдүүдээс ч илүү чамбай, нарийн, их цэвэрхэн, маш хичээмтгий байгаа. Зураас, дагнаасыг банди нараас ч илүү сайн хийж байгаа учраас хамгийн анхны эмэгтэй бурхан урлаач шавь төрөх магадлал өндөр байна.
Бурхан зураг зурахад юуг илүү анхаарах ёстой юм бол оо? Ямар дэг ёс сахидаг вэ?
Бурхан урлаач хүн өөрөө бурхныхаа шашны онолын номнуудад их мэргэшсэн, сэтгэл их ариуссан байх ёстой. Бодь мөрийн зэрэг, багшийг шүтэх ёс гээд номлолуудыг нь үздэг. Бурхан тал уруугаа ярихаар тиг хэмжээ, Лүн ван /бурхан бүтээх/ эрхийг нь авшигийн багшаасаа хүртэнэ. Мөн бүтээх гэж буй бурхныхаа бэлгэдэл утгыг болоод үүсэл гарал, түүхийг маш сайн мэддэг, тухайн бурхныхаа талын бясалгалд суух ёстой. Бурхан бүтээгч хүн дор хаяж Жигжидийн ван, Дүйнхорын ван, Дажиг Ямандагийн ван зэрэг вангуудад суусан байх ёстой. Тэгж байж бурхан бүтээдэг. Бурхдын урлал талаасаа маш нарийн тиг хэмжээтэй, тэр тигээр нь бурхдыг зурдаг онцлогтой. Түүнээс биш зүгээр л шууд хуулаад зурж болдоггүй.
Манай Монголд буй ганцхан бурханч лам нь Пүрэвбат багш маань юм. Багш маань Энэтхэг, Төвдийн том том хутагт, хувилгаад багш нараас бурхан зурах уламжлалыг аваад Монголдоо ирээд заасан анхны шавь нь би. “Чи бурхан зурж болно” гэсэн хамгийн анхны зөвшөөрлийг авсан. Гол нь багшаасаа дамжлагаар аваад явж байгаа нь хамгийн чухал. Ямар нэг хамаагүй хүнээс сурдаггүй, багшаас уламжлан авдаг. Ердийн зураг бол янз бүрийн сургуульд сураад шууд зураад эхэлдэг. Манай бурхны зураг бол заавал лүн ванг нь авч, бясалгал бүтээлийг нь хийж байж бурхнаа бүтээдэгээрээ онцлогтой бөгөөд үүнийг ердийн зураг биш эгэл төрөлхтөн хүнийг оюун санаагаар нь гэгээрэлд татдаг дүрсээр илэрхийлсэн номлол гэж ойлгож болох юм.
Бурхан зурахад малгайнаас ч юмуу, суудлаас нь эхэлнэ гэсэн тодорхой дараалал байдаг уу?
Байлгүй яахав. Бурхан багш дээр жишээ аваад ярья л даа. Сайхан байгалтай Бурхан багшийн зураг байлаа гэхэд, эхлээд эцэг тэнгэр, эх дэлхий гээд сав шим ертөнцийг дүүргэдэг. Энэ нь тэнгэрийнхээ бүх өнгийг таглана гэсэн үг. Тэнгэр цэнхэр учир хөхийн төрлийн бүх өнгийг таглаад, дараа нь газар дэлхий гэдэг утгаар ногооны холбогдолтой бүх өнгийг таглах зэргээр үндсэн таван өнгөний дарааллаар таглаж зурдаг. Эхэлж байгалаа дуусгаад бурхан руугаа ордог. Бурхны бие лагшин, мутар дүүрлээ, орхимж зэрэг зарим нэг зүйлсийг цэвэр алтаар шаглаад, хээ хуарыг нь чимэглэж зурна. Дараа нь сайхан дагнаас, зураасаа хийж алтаа өргөөд хамгийн сүүлд бурхныхаа мэлмийг нээдэг. Мэлмийг нээгээд бурхан амь орж байна гэдэг санааг илтгэдэг учраас мэлмийг нээхэд, мутар ч юмуу ямар нэгэн юм дутуу байж болохгүй. Мэлмий нээгээд л тухайн зурганд цэг тавьж байна гэсэн үг.
-Танд бурхны урлалд шамдах сэтгэл хэзээнээс төрөв?
-Би урлагийн гэр бүлээс гаралтай. Манай аав сайхан зурдаг, ном цуглуулдаг хүн байсан. Түүнээс улбаалаад Жалайр Батбаяр багштайгаа их билэг дэмбэрлээр учирсан юм. Уран бичлэгийг Монголд анх сэргээн дэлгэрүүлсэн их гавьяатай хүн. Багшийнхаа шавь болж Хүүхдийн пионерын ордны уран зургийн дугуйланд суралцсаныгаа аз завшаан гэж боддог. Багш минь л намайг бурхны урлалд шамдах зам мөрийг тавьж Г.Пүрэвбат багштай уулзуулсан. Тэгээд л Г.Пүрэвбат багшийнхаа үүсгэн байгуулсан Урлахуйн ухааны сургуульд элсч анхных нь шавь болж байлаа. Суралцах хугацаандаа багштайгаа олон бүтээл хийсэн. П.Очирбат гуай Ерөнхийлөгч байхдаа зарлиг гаргаж монгол түмний шүтээн Мэгжид Жанрайсигийг бүтээлгэсэн. Түүний мэлмийг нээх ажилд оролцож байлаа. Мөн сургуулийнхаа анхны төгсөгч болж эргээд сургуульдаа дөрвөн жил багшилсан. Одоо “Цаглашгүй гэрэлт шүтээн урлалын төв”-ийг үүсгэн байгуулж, хичээл зааж байна.
-Бурхан урлахад дэс дараалал гэж бий юу?
-Бурхан урлахдаа эхлээд тэнгэрээ будна. Дараа нь газар эхээ ногоон өнгөөр дүрсэлнэ. Байгалиа зурж дууссаны дараа бурхны хувцсыг зурна. Хамгийн сүүлд нь бурхны мэлмийг нээдэг. Мэлмий нээхээс өмнө бусад зүйлийг урлаж дуусгасан байх шаардлагатай. Учир нь мэлмий нээнэ гэдэг нь бурхан амилж буй хэрэг учраас ямар нэгэн зүйл дутуу байх учиргүй. Мөн жижиг хэмжээний бурхдыг тиггүй зурдаг. Мухар тохойноос том зургийг танка гэдэг. Өөрөөр хэлбэл, танка гэдэг нь хэмжээгээрээ том, дэлгэмэл зураг юм. Харин танка артист гэдэг нь дэлхийн хэмжээнд хүлээн зөвшөөрөгдсөн нэршил. Том хэмжээтэй зураг тигтэй байх шаардлагатай.
-Бурхан урлахын өмнө тодорхой хугацаанд бясалгал хийдэг үү. Өөр ямар зарчим баримталдаг вэ?
-Бурхан бүтээхдээ гурван цагаан, амттаныг л иддэг. Бүтээх үедээ хилэнцтэй идээ зооглодоггүй. Амьтны гаралтай зоог барихыг хориглодог. Дээрээс нь сонгино, сармис идэхийг цээрлэдэг. Бурхан урлаач хүн тамхи татаж ерөөсөө болохгүй. Ер нь зураач нар архи, тамхи, садар самуун зүйл хийдэг байхыг үгүйсгэдэггүй. Харин бурхан урлаач энэ гурван хороос хол байхыг эрхэмлэдэг. Харин сүү, тараг, тос, зөгийн бал, мөсөн чихэр идэж болдог. Хэрвээ мах идэх шаардлага гарвал гэмийг арилгадаг тарнийг уншаад зооглодог. Би Дандин Янсангийн /адууны тэнгэр бурхан/ вантай учраас адууны махыг ерөөсөө иддэггүй.
-Та бурхан бүрийг урлах эрхтэй юу?
-Зарим догшин бурхныг урлавал хилэгнэдэг. Тиймээс янз бүрийн нарийн зан үйл, ном уншиж бүтээхгүй бол болдоггүй юм. СУИС-ийн монгол зургийн ангийг төгссөн оюутнууд, бурхны лүн ван аваагүй хүмүүс бурхан урладаг. Ингэж ван аваагүй байж хамаагүй бурхан урлаж ерөөсөө болохгүй. Манай улсад бурханч хэмээх цол хүртсэн Г.Пүрэвбат багш л бурхан урлах лүн ванг Энэтхэг, Түвдийн том хутагт хувилгаадаас авсан байдаг.
-Зарим догшин бурхныг урлавал хилэгнэдэг. Тиймээс янз бүрийн нарийн зан үйл, ном уншиж бүтээхгүй бол болдоггүй юм.
Subscribe to:
Post Comments (Atom)

No comments:
Post a Comment